Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин наадмын бэлтгэл ажлын хүрээнд уяач, бөхчүүдийн төлөөлөлтэй уулзаж, энэ жилийн баяр наадмыг хэрхэн зохион байгуулах болон ард түмнээ сайхан наадамлуулах, наадмаа ямар нэгэн будилаан, маргаангүй шударга зохион байгуулах талаар ярилцсан юм.
Тухайлбал, тэрээр Монгол Улсын долоон аваргыг хүлээн авч уулзан, Монголын ард түмний үндэсний их баяр наадам болох гэж байна. Төр, түмнээ хүндэтгэж баяр наадмын үеэр маргаан хийхгүй байхыг анхааруулаад Бөхийн холбооны маргаан баяр наадамд нөлөөлөх учиргүй гэдгийг хэлжээ. Аваргууд ч Шадар сайдтай санал нэг байгаагаа илэрхийлж, маргаан будилаангүй сайхан наадам болно гэдэгт санал нэгдсэн байна. Маргаантай асуудлаа дотооддоо шийднэ. Баяр наадмын үеэр маргаан хийхгүй гэжээ.
Уулзалтаар хөндөгдсөн бас нэгэн сэдэв нь допингийн шинжилгээ байв. Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг улсын баяр наадамд барилдуулахгүй байх, мөн оноолт, ам авахад найраа хийдэг явдлыг таслан зогсоох нь зүйтэй гэсэн асуудлаар санал солилцсон байна.