Чанаргүй зээлийн хэмжээ 2018 оны тавдугаар сарын байдлаар 1.2 их наяд төгрөгт хүрч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.1 хувийг эзэлж байгаа талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ нь өмнөх сараас 13.1 тэрбум төгрөг буюу 1.1 хувь, өмнөх оны мөн үеэс 61.9 тэрбум төгрөг буюу 5.3 хувиар өссөн дүн аж.
Харин хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.3 хувийг эзэлж байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 940.8 тэрбум төгрөг болсон нь өмнөх сараас 37.7 тэрбум төгрөг буюу 3.8 хувь, өмнөх оны мөн үеэс 10.5 тэрбум төгрөг буюу 1.1 хувиар өссөн дүн.
Энэ оны тавдугаар сарын эцсийн байдлаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 15 их наяд төгрөг байна. Өөрөөр хэлбэл, нийт зээлийн хэмжээ өмнөх сараас 503.9 тэрбум төгрөг буюу 3.5 хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.3 их наяд төгрөг буюу 17.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Харин муу зээл буюу чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь нийлээд 14.4 хувьтай байгаа нь олон жилийн дунджаас доогуур үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хороо тайлбарлаж байна.