АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын кампанит ажилд менежерээр ажиллаж байсан Пол Манафортод Вашингтоны хотын шүүхээс шоронд хорих ял ногдуулжээ. Орос улсаас сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг шалгаж буй Роберт Мюллер түүнийг шүүх хурлаас өмнө боломжит гэрчүүдийн амь насыг хөнөөхийг завдсан хэрэгт буруутгаж байгаа аж.
Ноён Манафортыг батлан даалтад байх хугацаандаа шифрлэгдсэн гар утасны аппликейшнээр хүмүүстэй холбогдсон хэмээн буруутгажээ. Түүнийг татварын луйвар, мөнгө угаах, хууль бус лобби гэх мэт хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
АНУ-ын Тойргийн шүүгч Эми Берман Жэксон өнгөрөгч Баасан гаригт, “Ноён Манафорт өөрт нь хүлээлгэсэн итгэлийг алдаж, шүүхийн үйл ажиллагааг сурталчилгаа болгон ашиглаж байна” хэмээн буруушаагаад, “Энэ бол дунд сургууль биш. Би түүний гар утсыг хураан авч чадахгүй шүү дээ” гэжээ.
Харин ерөнхийлөгч Доналд Трамп үүнийг шударга бус явдал гээд шоронд хоригдох ял нь хэт хатуу шийтгэл хэмээн үзэж буйгаа хэлсэн байна. Одоогоор шүүх хурал албан ёсоор эхлээгүй байгаа юм.
Ноён Трампын хуульч Руди Жьюлиан энэхүү хэрэг явдал ойрын өдрүүдэд ерөнхийлөгч, ноён Мюллер нар уулзалдах бас нэгэн боломж гэж үзэж байгаа аж. Гэвч Нью-Йорк хотын дарга ерөнхийлөгчийг авилга, хээл хахуультай холбоотой хэрэгт оролцож, хамтран ажиллахгүй байх хэрэгтэй гэж үзэж байгаа аж.
Б.Болормаа