Аж ахуйн нэгж орлогын албан татвар /ААНОАТ/-ын тухай хуулийн үзэл баримтлалыг УИХ-ын энэ сарын 14-ний өдрийн чуулганаар хэлэлцээд УИХ-ын гишүүдийн олонх нь хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн юм. Энэ нь нэлээд асуудал шүүмжлэл дагуулаад байгаа юм. Харин Засгийн газар тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагалдах бусад хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай өргөн мэдүүлэхээр боллоо.
УИХ-ын гишүүд хуулийн төслийг буцаах болсон нь татварын шинэчлэлийн эсрэг, татварын ач холбогдлыг үгүй хийсэн алхам боллоо хэмээн үзэж МҮХАҮТ-аас хэвлэлийн хурал зарлан мэдэгдэж байсан юм.
ААНОАТ-ын тухай хуулийн төсөлд ААН, бизнес эрхлэгчдийг татвар төлөлтөд жигд хамруулах, гадаадын ААН-д татвар ногдуулах, татварын суурийг өргөтгөх, улсын төсөвт нөөлөлөх эерэг заалт оруулснаас гадна 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй албан татвар төлөгчид татварын хөнгөлөлт үзүүлэх, цаашлаад ААН, арилжааны банкнуудын гадаад зах зээлээс оруулж ирэх валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өртөг хямдрах, хөрөнгө оруулалтыг дэмжих, үүнд суурилж зээлийн хүү буурах, бага хүүтэй зээл олгох зэрэг олон таатай боломжуудыг тусгажээ.
Төсөл батлагдвал бизнесийн орчин сайжирч, бизнес эрхлэгчдийн татвар төлөхтэй холбоотой зардал буурна. Мөн татварын тэгш, шударга байдал дээшлэн, бааз суурь өргөжнө гэж Засгийн газар үзэж байна. Татвараас зайлсхийдэг, зугтах нь багасч, шударгаар төлдөг болох эерэг нөхцөл бүрдэх юм.