Хэдэн өдрийн өмнө төв талбайд бие засаж байсан зургаараа олны дургүйцлийг хүргээд байсан төрийн албан хаагчийг АТГ-аас хахуулийн хэргээр шалгахаар болжээ. Учир нь уг албан хаагч болох Д.Нэмэхбаяр нь гэртээ 18 сая төгрөг хадгалж байсан бөгөөд үүний 14 саяыг хахуулийн мөнгө гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэнэ.
Тэрээр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт ажиллах хугацаандаа үдийн цай хөтөлбөрийн тендерт оролцсон аж ахуйн нэгж, иргэдээс зөвшөөрлийг гаргаж өгөхгүй, гэрээний хугацааг сунгахгүй, зөвшөөрлийг цуцална гэж айлган сүрдүүлэх аргаар мөнгө авдаг байсан нь тогтоогдсон аж. Мөн холбогдох байгууллагын мэдээлснээр “Д. Нэмэхбаяр хамт ажилладаг ахлах мэргэжилтэн Н. Раднаасэд гэгчтэй хамтран 200 мянгаас- 2 сая төгрөг хүртэлх хэмжээтэй хахууль иргэдээс авдаг байсан” бололтой. Тиймээс энэ хэрэгт холбогдуулан Нийслэлийн Өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэн Н. Раднаасэдийг ч мөн шалгаж байгаа ба удахгүй АТГ-аас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм байна.