Аврах багийн шумбагчид Тайландын хойд хэсэгт орших агуйд орсон байж болзошгүй өсвөрийн хөлбөмбөгийн багийн 12 гишүүнийг эрэн хайж эхэлжээ. 11-16 насны хөвгүүд болон тэдний 25 настай дасгалжуулагч нар өнгөрөгч Бямба гаригт Чианг Рай муж дахь Там Луанг Нанг Нон агуйд орцгоосон гэж албаны хүмүүс таамаглаж байгаа аж.
Гэнэтийн аадар борооноос дайжиж багийнхан уг агуй руу орсон байх гэж эх сурвалжууд мэдэгджээ. Энэ нь жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг, газар дор олон километр үргэлжилдэг агуй юм байна.
Бангкок пост сонины мэдээлснээр аялагчид Там Луанг Нанг Нон агуйд орохын тулд жижиг урсгалыг гатлах ёстой аж. Энэ нь голын урсгалыг үерлэхэд хүргэдэг гэнэ. Харин Цагдаагийн хурандаа Комсан Саардлуан хэвлэлийнхэнд ярихдаа борооны улирлын үед буюу зургаагаас аравдугаар сард агуйд таван метр хүртэл ус үерлэдэг гэжээ.
Аврагчид Бямба гаригийн оройноос тэднийг хайж эхэлсэн бөгөөд агуйгаас дугуй, спортын хэрэгсэл олсон байна. Даваа гаригт агуй руу Тайландын эзэн хааны тэнгисийн цэрэг дэх Усан доорх довтолгооны ангийн шумбагчдыг оруулжээ. Одоогоор нөхцөл байдлын талаар нууцалж байгаа бөгөөд хүүхдүүдийг эсэн мэнд олдоно гэж найдаж буйгаа Батлан хамгаалахын сайд мэдэгджээ.
Б.Болормаа