Роттердамын боомтод усан онгоц осолдсоны улмаас газрын тос асгарахад хун, галуу, хар галуу, цахлай гээд олон зуун шувуу хордож, бохирдсон байна. Өнгөрөгч Бямба гаригт эрэг рүү 220 тонн газрын тос зөөвөрлөж явсан The Bow Jubail усан онгоц осолдсон учир албаны хүмүүс газрын тос далайд бүрэн асгарахаас сэргийлэх арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж.
Аврах багийн ажилчид газрын тостой усанд хордож, бохирдсон дээрх шувуудыг цуглуулахаар ажиллаж байгаа гэнэ. Мөн сайн дурын ажилчид орчин тойрныг цэвэрлэхэд тус нэмэр байгаа юм байна.
Өнгөрөгч Ням гаригт Европын хамгийн том боомт хот болох Голландын Роттердамын зэрлэг амьтдын хоргодох байранд газрын тосонд бохирдсон олон зуун шувууг авчирчээ. Даваа гаригт Мааслуйс дахь автомашины зогсоол дээр усны компанийн ажилтнууд тусламжийн төв байгуулахад хүрчээ.
“Хун бол нэлээд том шувуу. Тиймээс илүү том орон зай, бас туслах хүмүүс ч хэрэгтэй байна” хэмээн Элске Тен Хэв өгүүлсэн юм. 10 км-ийн тойрогт 800 гаруй шувуу хордсон байж болзошгүй, тэдгээрийн ихэнх нь усанд байгаа байх гэж мэргэжилтнүүд таамаг дэвшүүлсэн байна.
Б.Болормаа