ОХУ-ын “Ангара” авиа компани Эрхүү-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн анхны нислэгээ өчигдөр гүйцэтгэлээ. Тус компани энэхүү шинэ чиглэлд “Антонов-148-100” агаарын хөлгөөр долоо хоног бүрийн мягмар, бямба гаригуудад тогтмол нислэг үйлдэхээр болж байгаа юм. ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Антонов-148-100” агаарын хөлөг нь 70 хүний суудалтай. Улаанбаатар чиглэлийн анхны нислэгээр нь 60-аад зорчигч үйлчлүүлжээ.
“Ангара” авиа компанийн Худалдааны хэлтсийн дарга Мясников Дмитрий Алексеевич хэлэхдээ “Оросоос Монгол руу зорчих зорчигчдын урсгал нэмэгдсэн. Түүнчлэн аялал, жуулчлал хөгжиж байгаа энэ үед Эрхүү-Улаанбаатар-Эрхүү чиглэлд манай компани нислэг үйлдэхээр болсон нь зорчигч, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ болж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Түүнчлэн цаашид зорчигчдын урсгалаас хамаарч агаарын хөлгөө томсгох боломжтой хэмээн мэдэгдэв.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатараас эхлэлтэй Эрхүү чиглэлд Монголоос “Аэро Монголиа” авиа компани даваа, лхагва, баасан, бямба, ням гаригуудад нислэг үйлдэж буй юм. “Ангара” авиа компанийн тийзний борлуулалт “Эйр маркет”, “Эйр трэвел” зэрэг билетийн кассуудаар борлогдож эхэлсэн байна.