Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар Чингисийн өргөн чөлөөнд буюу 120 мянгатын автобусны буудлын хойно 2,2 га талбайд ногоон байгууламж бүхий “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын захиалгаар “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг “Монгол тохь” ХХК гүйцэтгэжээ. Арслан, бүргэд, цагаан баавгай, бүжин туулай, тогос, тахь, хэрэм, заан зэрэг таван тивийн, 41 төрлийн, 204 ан амьтдын баримал хөшөөтэй болсон байна.
Мөн тус талбайд ургаж байгаа мод, бут сөөг нь 50 гаруй жилийн настай бөгөөд шинэчилсэн тохижилтын ажлын хүрээнд гоёл чимэглэлийн зориулалттай мод бут болон ховор эмийн ургамал шинээр тарьжээ. Хад чулуу ашиглан байгалийн тогтцыг харуулсан хэсгүүд бий болгосноороо онцлогтой юм байна. Энэ ажлыг “Эко Хан-Уул” төслийн хүрээнд 80 орчим сая төгрөгийн өртгөөр хийжээ.
Ажил тарснаас хойш тус цэцэрлэгт хүрээлэн хүүхэд, хөгшдийн хөлд дарагдсан байв. Усан оргилуур дээр наадах хөвгүүд, дугуйгаар уралдах жаалууд, ан амьтадтай зургаа авахуулах багачууд дүүрэн байлаа. Цэцэрлэгт хүрээлэнгээр зочилсон хүүхэд багачууд ан амьтны төрөл зүйлийг таньж мэдэх хамгийн чухал ач холбогдолтой юм. Цаашид “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнд худалдаа үйлчилгээний газар, өндөр хурдны интернэт, дүүргийн хүндэт иргэдийг алдаршуулах алдрын самбар хийхээр төлөвлөжээ.