Монгол Улсын Дээд шүүх өнөөдөр “Гэр Хороолол Хөгжлийн нам”- ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг хянан хэлэлцлээ. Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ. Тус нам нь өнгөрсөн жил бүртгүүлэх хүсэлтээ өгч байсан ч Дээд шүүх ижил шалтгаанаар бүртгээгүй юм.
Хүсэлт гаргагч нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.
Мөн энэ сарын 2-ны өдөр Бүгд Найрамдах Намаас сонгогдсон дарга, дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх хянан хэлэлцээд тус намаас сонгогдсон дарга, дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзжээ. Тиймээс энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн юм.