Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт багтсан “Дээлтэй Монгол” наадмыг 12 дахь жилдээ жанжин Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК хамтран уламжлал ёсоор энэ сарын 10-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Тус наадмаар Монгол наадгайн өргөө, Дээл урлалын өргөө, Язгуур урлагийн өргөө, Хөгжмийн өргөө, Уран бичлэгийн өргөө, Казах түмний өргөө зэрэг өөр өөрсдийн онцлог бүхий гэр хотхоноор зочлон саатсан иргэд, жуулчдад Монгол үндэсний зан заншил, уламжлал, өв соёлыг таниулна.
Арга хэмжээний үеэр Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ гайхуулах үндэсний хувцасны коллекциудыг танилцуулахаас гадна, эртний Монголын язгуур соёлын нэг, эв нэгдлийн бэлгэдэл болох тойрон бүжгийг толилуулан хурсан олонтой хамт бүжнэ.
Шилдэг оролцогчдын шалгаруулалтад оролцох иргэд арга хэмжээ болох өдөр бичиг баримттайгаа талбай дээрх “Зохион байгуулагчдын асар”-т хүрэлцэн ирж бүртгүүлэн шалгаруулалтад оролцох мандатаа авна. Баярын жагсаалд оролцох байгууллагуудыг энэ сарын 9-ний өдрийг дуустал ажлын цагаар 70128687 тоот утсаар бүртгэнэ.