Аум Шинрикё шашны бүлгийг үүсгэн байгуулагч Шоко Асахара, бусад 7 гишүүдийн хамт өнөөдөр өглөө цаазлуулсан болохыг Японы Киодо агентлаг мэдээллээ.
1995 онд Токио хотын метронд зарин хий цацсаны улмаас 29 хүний амь үрэгдэж, 6,200 орчим хүний эрүүл мэндийг хохироосон хэргийн гол зохион байгуулагчийг Шоко Асахара гэж үзэн цаазын ял оноогоод байсан ажээ. Өдгөө энэ жил 63 нас хүрээд байсан Чизуо Мацумото хэмээх жинхэнэ нэртэй Шоко Асахара нь 1995 оны тавдугаар сард баривчлагдсан бөгөөд түүнд 2006 онд бусад 12 гишүүний хамт ялын дээд хэмжээг оноож байсан аж.
Улмаар 2006 онд шүүхээс оноосон цаазын ялыг өнөөдөр ийнхүү 12 жилийн дараа гүйцэтгэж байгаа нь энэ юм байна. Аум Шинрикё шашны бүлэг 1987 онд анх байгуулагдаж байжээ. Тус бүлгийн нийт гишүүд нь Японд 30-50 мянган хүн байдаг гэсэн тооцоо байдаг бөгөөд мөн Орост тус бүлгийн гишүүн 10 мянган хүн шашны идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоо баримт байдаг байна. Судлаачид Шоко Асахара болон тус бүлгийн 24 гишүүн, Японы парламентын сонгуульд 1990 онд өрсөлдөж байсан ч амжилт олоогүй тул төрийн эрхийг хүчээр авах аргад шилжиж, метронд хорт хий цацах террорист ажиллагаа явуулсан гэж үздэг юм байна.