-Авлигатай тэмцэх газар Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх мэдээлэл байна. Зарим эх сурвалж МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан гэж мэдээлж байна. Энэ үнэн үү?
-Авлигатай тэмцэх газраас Төрийн ордонд ямар нэгэн гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Сэжигтэн Н.Энхбаяр өнөөдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтад хүрэлцэн ирж, мэдүүлгээ өгөхгүй байгаа. Авлигатай тэмцэх газраас Н.Энхбаярт нийт 5 удаа зарлан дуудах хуудас хүргүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах үүднээс сэжигтэн Н.Энхбаярт өнөөдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид албан бичиг аваачиж өгсөн.
-Албан бичиг нь ямар агуулгатай вэ? Яагаад мөрдөн байцаагч нар албан бичиг аваачиж өгөх болов? Албан бичгээ МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө авсан уу?
-Албан бичигт таны байгаа газарт Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид очиж мэдүүлэг авъя гэж дурдсан. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах зорилгоор байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлтийг албан ёсоор албан тоотоор түүнд хүргүүлсэн. Албан бичгийг Монгол Улсын Шадар сайдын уулзалтын өрөөнд сэжигтэн Н.Энхбаяр өөрөө гардан авсан. Сэжигтэн Н.Энхбаярыг батлан даалтад авсан нэр бүхий албан тушаалтнууд хуулиар хүлээсэн хариуцлагаа мөн биелүүлэхгүй байгаа. Авлигатай тэмцэх газрын зүгээс хууль биелүүлэхийн тулд боломжит бүхий л байдлаар ажиллаж байна.