Харааны бэрхшээлтэй иргэдийн “Сafe more” кофе шоп өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү кофе шопод харааны 60-90 хувийн бэрхшээлтэй дөрвөн иргэн ажиллаж байна.
Улсын хэмжээнд 16 мянган харааны бэрхшээлтэй иргэн байдаг. Тэдгээрээс хөдөлмөрийн насны нийт иргэдийн 4.5 хувь нь л тодорхой ажил эрхэлдэг байна. Харин бусад нь таарч тохирох ажлын байргүй гэх шалтгаанаар хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг аж.
Тэгвэл Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо дээрх байдалд дүгнэлт хийн гишүүдээ шинэ ажлын байраар хангах үүднээс “КОЙКА”-гийн санхүүжилтээр Солонгосын хараагүйчүүдийн Siloam байгууллагатай хамтран харааны бэрхшээлтэй баристаг мэргэжлийн түвшинд сурган бэлтгэх, кофе шоп байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа аж. Уг төсөл Монголд хоёр жил үргэлжилж байна. Санаачлагчдын зүгээс төсөл амжилттай байх эсэхээс хамааран цааш үргэлжлүүлэх эсэхийг шийдэх юм байна.
Төслийн хүрээнд харааны бэрхшээлтэй 16 иргэнд баристагийн мэргэжил олгоод байгаа бөгөөд мэргэжил эзэмшсэн иргэдээ ажлын байраар хангах зорилгоор анхны кофе шопоо ийнхүү байгууллаа. Мөн ирэх есдүгээр сард дахин нэг кофе шоп байгуулахаар төлөвлөжээ.