Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох мэргэжлийн байгууллагууд өнөөдөр 12:00 цагт Хавдар судлалын үндэсний төвд үерээс үүдэн үүсээд буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зарим нэг асуудлыг шийдвэрлэхээр болсон.
Энэ үеэр асуудалтай танилцаж байсан Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр ажлаа хийж, сурвалжлага бэлтгэж байсан UBS телевизийн зураглаачийг “Чи миний ажлыг заадаг хэн юм бэ” хэмээн олны дунд нүүрийг нь алгадаж биед нь халджээ. Зураглаач сэтгүүлчид Ж.Чинбүрэн захирлаас ярилцлага авч байсан бөгөөд камер хааж ерөнхий эмчийн хажууд хөндөлсөөд байсан Т.Гантөмөр даргыг “Та жаахан хойшоо болоод өгөөч дүрсэнд саад болоод байна” гэж шаардлага тавьсан гэнэ.
Энэ талаар Т.Гантөмөр менежертэй холбогдлоо. Тэрээр, “Сошиал дээр тийм юм явж байна гэж над руу сая хэллээ. Би хүн зодоогүй ээ. Над руу л тэр залуу давшлаад байсан. Тэгээд тэр залууг холдуулсан. Миний хажууд өчнөөн хүн байсан, тэд харсан байгаа. Би яг одоо ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж байна. Хамт явсан Билгүүн гэдэг залууг та нартай холбож өгье. Гүтгээд байгаа хэвлэлүүдийг шүүхэд өгнө” гэв.
Уг нь энэ хүнд ажил үүргийг нь сануулж, үйл ажиллагаа нь сурталчилж, олон нийтэд мэдээлж, түгээж байдаг хэвлэлийнхэнд ааг омгоо харуулахын оронд ажлыг нь хүндэтгээд саад болохгүй байх ухамсар “эрхэм” Хотын ерөнхий менежерт баймаар юм аа.