Хорватын нийслэл Загреб хотноо болж буй жүдо бөхийн Гранпри тэмцээний эхний өдөр эрэгтэй -60, -66, эмэгтэй -48, -52, -57 кг-н жингийн медалийн эзэд тодорлоо.
Эмэгтэйчүүдийн -48 кг-н жинд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Олимп, Дэлхийн хүрэл медальт Г.Отгонцэцэг В хэсэгт багтан Итали, Их Британий тамирчдыг ялаад хэсгийн аваргын төлөө өнгөрсөн оны Европын аварга Украйны Д.Билодидтой барилдан хожигдон дагах барилдаанд шилжсэн. Улмаар дагах барилдаанд Израиль, Итали бүсгүйчүүдийг буулган авснаар Загребийн татамигаас хүрэл медаль хүртсэн.
Эрэгтэй -60 кг-н жинд барилдсан МУГТ Г.Болдбаатар В хэсгийг тэргүүлэн барилдсан ч 2-р тойрогт Азербайжаны К.Хусеновт, С хэсэгт багтсан М.Тогтохбаяр эхний тойрогтоо хийлсэн бол 2-р тойрогтоо Киргизстаны О.О.Бестаевт хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн.
66 кг-н жинд барилдсан Д.Алтансүх урамтай сайхан барилдаж А хэсгийн аваргын төлөө өнгөрсөн оны дэлхийн аваргын алтан медальт Японы Х.Абег хөл тавин цэвэр буулгаж авч хэсгийн аварга болсон. Гэвч хагас шигшээ барилдаанд Украйны шилдэг бөх Г.Зантариад хожигдож хүрэл медалийн төлөө Израилын бөхөд мөн хожигдон шагналт байранд орсон. Түүнээс гадна энэ жинд барилдсан Т.Эрхэмбаяр эхний тойрогтоо Германы бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.