Биднийг бага байхад үргэлж гардаг байсан хүүхэлдэйн киноны гол баатарууд болох Винни-Пух, Заяц болон Волк, Леопольд муур, Лиса, Ежик зарааг та бүхэн санаж байгаа болов уу. Энэ бол зөвлөлтийн уран бүтээлчид, зохиолчдын бүтээл. Харин социализмын үед манайхан “Боролдойн цаг” гээд хүүхдийн нас, хүмүүжилд тохирсон хүүхэлдэйн кинонуудыг бүтээн үзүүлдэг байлаа. Одоо харин энэ чиглэлээр хэр түвшинд очоод байгааг сайн мэдэхгүй байна.
ОХУ-д гурван жил суралцах хугацаандаа хаяа нэг цаг гарвал ТВ үзнэ. Бага насны хүүхэдтэй болохоор ТВ-ээр гарч буй хүүхэлдэйн киног хүссэн хүсээгүй харах хэрэгтэй болдог. Тэгтэл надад нэг зүйл тун содон харагдав. Оросууд сүүлийн үед барууны ялангуяа “Walt disney”-д үйлдвэрлэсэн англи хэл бүхий хүүхдийн киног ТВ-ээр гаргаж байгаа. Гэтэл оросын бүх ТВ-үүд нь эдгээр гадаадын хүүхэлдэйн киног зөвхөн орос орчуулгатай гаргаж байна. Тэр бүү хэл киноны дундуур явдаг дуу, шүлгийг нь хүртэл оросоор орчуулж, дуу оруулагчид нь оросоор дуулах юм.
Гэтэл манайд гадаадын хүүхдийн киног дууг нь байг гэхэд бүтэн орчуулдаг, тэр кино нь хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг зэргийг хянаж, шалгадаг байгууллага бий болов уу.
Боловсролын бодлого тодорхойлдог яаман дээр нь гаж шашинтай хүүхэн суусан байна гэж баахан шуугиж байгаад огцруулах шиг боллоо. Хальт харахад асар олон ТВ-үүд нь олдсон кино бүрээ хамаагүй гаргаад байгаа санагдах юм. Ердийн киног түмэн алдаатай орчуулдаг орчуулагч нар нь хүүхдийн киног ямар болгодог бол гэж хаяа бодогдох юм. /Р.Энхболд/
Орчуулгын асуудлыг кино театруудад бас нялзаймаар санагдлаа. Хэдэн жилийн өмнө Гэгээнтэн Холливүүдийн нэг хүүхэлдэйн киног орчуулгатай гаргаж байсан. Хүүхдүүд инээж, гуниглаж, тун анхааралтай үзэж байгаа нь харагдсан. Гэтэл бусад кино театруудад тийм зүйл алга. Юу яриад байгаа нь ч мэдэгдэхгүй баахан хүүхэлдэйн киног рекламаар хуурч хүүхдүүдэд үзүүлнэ. Үр дүнд нь урвайсан, сэтгэл дундуур хүүхдүүд л театраас гарч ирж байна. Хэрвээ Монгол орчуулгатай бол эцэг эхчүүд хүүхдүүдээ дагаж, танхим руу орох шаардлага алга. Тэгэхээр кино театрууд маань мөнгө олох гэж зүтгэхдээ жаахан сэтгэл гаргадаг баймаар байна. /Л.Тамир/