Саяхан Бразилийн Сао Паоло хотоос Куритаба хүрэх замд орших Кажати дүүргийн хурдны зам дээр аймшигтай осол гарч, жирэмсэн эмэгтэй харамсалтайгаар амиа алджээ. Тодруулбал, ачааны машины жолооч хяналтаа алдсаны улмаас жижиг тээврийн хэрэгслийг мөргөж, дотор нь зорчиж явсан бүсгүй шидэгдсэн байна. Удалгүй ачааны машин дээр байсан модон банзнууд унаж, түүнийг дарж орхижээ.
Түргэн тусламжийнхан ирэхэд бүсгүй хэдийн амьсгал хураасан байсан бөгөөд замын хажуугийн өвсөн дундаас хүүхдийн уйлах чимээ сонсогджээ. Гайхалтай нь, ослын улмаас хорвоод шинээр мэндэлсэн бяцхан охины хүй гэмтсэн ч бие нь цоо эрүүл, ганц ч шалбархайгүй байсан гэнэ. Ослын газар ажилласан эмч Элтон Фернандо Барбосагийн хэлж буйгаар энэ бол ёстой л бурханы бэлэг гэмээр гайхмаар сонин тохиолдол ажээ.
Тэрээр “Охины ээж 39 долоо хоногтой жирэмсэн байжээ. Ослын улмаас эхийн хэвлий шахагдаж, ураг түрэгдэн гарсан байх магадлалтай. Гэхдээ л ээж нь модонд даруулчихаад байхад яаж амь үлдсэнийг бодоод олохгүй юм. Урьд өмнө нь ийм гайхалтай явдалтай учирч байсангүй” хэмээн ярьжээ.
Одоогоор цагдаа нар хохирогч эмэгтэй хэн болохыг тогтоож, бяцхан охины хамаатнуудыг олохоор ажиллаж байна. Хэрэв ямар ч мэдээлэл олдохгүй бол охиныг асрамжийн газарт хүлээлгэн өгөх юм.
Эх сурвалж: Metro.co.uk
Ardchilal.mn