Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан тушаалд Гунгаагийн Баясгаланг томилуулахаар тогтоол гаргаж Засгийн газарт хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл дөнгөж сая Засгийн газрын хуралдаанаар Г.Баясгаланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан тушаалд томилжээ. Төрийн албаны зөвлөл уг албан тушаалд томилогдох удирдах ажилтны нээлттэй сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нийтэд зарлан мэдээлж, зохион байгуулахад шалгалтад дөрвөн иргэн өрсөлдсөн байна.
Сонгон шалгаруулалтыг цахим систем болон долоон бүрэлдэхүүн шалгалтын хүрээнд зохион байгуулсан бөгөөд тэнцсэн иргэдийг нөөцөд бүртгэж, эдгээр иргэнээс Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Г.Баясгалан сонгон шалгаруултын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан аж. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд томилогдож уг албан тушаалын сул орон тоо гарсан юм байна.