Алдарт “PepsiCo” компанийн гүйцэтгэх захирлаар 12 жил ажилласан Индра Нуйи албан суудлаасаа чөлөөлөгдөж байна. Тэрээр 2017 онд “Forbes” сэтгүүлээс шалгаруулсан хамгийн хүчирхэг 100 эмэгтэйн жагсаалтын 11 дүгээрт нэрлэгдэж, дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй удирдагчдын нэг болсон билээ.
2006 онд түүнийг гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш “PepsiCo” компанийн хувьцаа 78 хувиар өссөн байна. Хатагтай Нуйи нь тус компанид 24 жил ажиллаж байгаа аж. Түүний албан тушаалыг одоогийн ерөнхийлөгч Рэмон Лагуарт хүлээн авах гэнэ.
Энэтхэгт төрж өссөн тэрээр өөрийгөө “PepsiCo” шиг том компанийг удирдан ажиллана гэж төсөөлж ч байгаагүй тухайгаа Твиттер хуудастаа жиргэжээ. Мөн ийнхүү албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаа нь их олон янзын сэтгэгдэл төрүүлж байгааг илэрхийлсэн байна.
Хатагтай Нуйи 2006 онд тус компанийн санхүүгийн ахлах ажилтнаас гүйцэтгэх захирал болон дэвшиж байжээ. Тэрээр 2019 оны эхэн үе хүртэл компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг тэргүүлэх аж.
Б.Болормаа