Нийслэл, дүүргийн Засаг дарга болон холбогдох албаныхан өнөөдөр сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, их засварын ажлын явцтай танилцлаа.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд энэ онд боловсролын салбарт улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 26 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Эдгээрээс дүүргийн хөрөнгөөр хийгдсэн 135 цэцэрлэгийн гадна фасад, 143 цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын зураг төсөл, 17 дугаар цэцэрлэгийн дээврийн засвар, сургууль, цэцэрлэгт агаар шүүгч байрлуулах ажил 100 хувийн гүйцэтгэлтэй бүрэн дуусчээ.
Мөн дэлхийн банкны санхүүжилтээр дүүргийн 51 цэцэрлэгт 130 сая гаруй сая төгрөгийн фасад засвар, 1, 2 дугаар давхрын цонх, коридорын жийргэвч болон тавцан солих ажлууд хийгдэн гүйцэтгэл 90 хувьтай байна.
Засварын ажлын явцтай танилцах үеэр дүүргийн Засаг дарга Х.Болормаа “1987 онд баригдсан энэхүү цэцэрлэгт дүүргийн маань 14, 19 дүгээр хорооны 480 орчим хүүхэд сурч хүмүүжиж байна. Эдгээр тохижилт, их засварын ажил хийгдсэнээр цэцэрлэгийн дулаан алдалт багасч, хүүхэд багачуудын маань суралцах орчин нөхцөл илүү таатай болно” гэдгийг онцолсон юм. Мөн гүйцэтгэгч “Хатагин болор” ХХК-ийн хамт олонд ажлын амжилт хүсээд төлөвлөсөн хугацаандаа чанартай дуусгахыг үүрэг болголоо.