Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн, Уулын-Алтайн Тарваган тахал эсэргүүцэн судлах станцын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цагааннуур, Ногооннуур сумдын хил орчмын нутагт тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгаа хийжээ.
Тандалт судалгаанд Сийлхэмийн голомтын 32 секторын 2678.4 кв.км газар нутаг, 104 айл өрхийг хамруулсан байна. Тандалт судалгааны явцад 565 сорьц цуглуулан лабораторийн шинжилгээнд хамруулснаас тарваган тахал өвчний эерэг сорьц 156 илэрчээ.
Нийт эерэг сорьцод нян судлалын шинжилгээ хийхэд тарваган тахлын үүсгэгчийн өсгөвөр 44 илэрч, дээрх сумдын нутаг дахь тарваган тахлын байгалийн голомтын идэвхийн эрчим нэмэгдсэн, тархвар судлалын өндөр эрсдэл үүсэх магадлалтай байгааг тогтоожээ.