Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт наймдугаар сарын 12-ны өдрийн 01:35 цагаас эхлэн усархаг аадар бороо орсны улмаас үер бууж Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км (Цомог-Айраг өртөө хооронд)-т төмөр замын суурь бүтэц үерийн усанд автсан. Үүний улмаас 286 дугаартай галт тэрэгний хоёр зүтгүүр, зорчигчийн гурав, тээшийн нэг галт тэрэг осолдсон тул тухайн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаасан билээ.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан хохирлыг арилгахын төлөө төмөр замчид өдөр шөнөгүй шаргуу ажилласны ачаар төмөр замыг сэргээн засварлан дуусч, галт тэрэгний хөдөлгөөн өчигдөр орой 22:18 цагт нээсэн байна.
Сэргээн босголтын ажилд 200 гаруй төмөр замчин болон Оросын сэргээн босголтын галт тэрэг оролцсон байна. Ийнхүү гол замыг нээснээр тээвэрлэлт саадгүй явах боломжтой болсон гэсэн үг юм.