УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн гарах болсон бөгөөд тэрээр Б.Бахытгүл гэх эмэгтэй рүү өөрийн хувийн чатаараа садар самуун зураг явуулж, дарамталсан асуудал гаргасан байдаг. Харин тэрхүү мэдээллийг анх “News Сhannel” телевизийн сэтгүүлч Д.Майцэцэг олон нийтэд ил болгосон ажээ.
Гэтэл тухайн үед ямар нэгэн ухвар мөчид бодлоор УИХ-ын гишүүн Д.Мурат “News Сhannel” телевизийн сэтгүүлч Д.Майцэцэгийг өөрийн нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгсөн утгагүй явдал болсон билээ. Нэг үгээр хэлбэл, сэтгүүлч Д.Майцэцэг УИХ-ын гишүүний ёс зүйг хөндөж, ёс бус үйлдлийг нь олон нийтэд илчилж, сэтгүүлчийн ажлаа хийснийхээ төлөө өдгөө яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа юм. Тэгвэл өнөөдөр 13.30 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн Д.Мурат, сэтгүүлч Д.Майцэцэг нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болох гэж байгаа юм байна.