“Жакарта-Палембан-2018” Азийн зуны XYIII наадмын албан ёсны нээлтийн ёслол наймдугаар сарын 18-ны үдэш болж, Индонезийн ард түмний түүх, үндэсний соёл, уламжлалыг тус нутгийн үзэсгэлэнт байгаль, далай, усны гайхамшигтай хослуулан нүд, сэтгэл баясам үзүүлбэрийг толилуулснаар дэлхий дахины анхаарлыг татлаа. Нээлтийн ёслол орон нутгийн цагаар 19 цагт Жакарта хотын Гелора Банг Карно /Gelora Bung Karno/ цогцолборт эхэлсэн юм.
Ази тивийн 45 орны тамирчид, төлөөлөгчдийг эгнээндээ нэгтгэсэн Азийн зуны XYIII наадмын нээлтийн ёслолд Ази түмний болон индонезчуудын эрч хүчийг илтгэн харуулж мотоцикльтэй орж ирсэн Индонез улсын Ерөнхийлөгч Жоко Видодогийн супер мэндчилгээ “Азийн эрч хүч” /Energy of Asia / уриатай энэхүү наадмын нээлтийн ёслолын хамгийн оргил хэсгийн нэг байв.
Энэхүү нээлтийн ёслолын шувууны далавчит хувцас загвар болон хөгжмийн найруулга, бүжгийн дэглэлтийг энэ улсын Карнавалын алдартнууд болох хувцас дизайнер Dynand Fariz, Rinaldy Yunardi, Addie MS, Ronald Steven, Denny Malik, Eko Syprriyanto нар урлан бүтээжээ. Мөн цэнгэлдэх хүрээлэнгийн хоймор дахь тайзнаа ахлах сургуулийн 2200 бүжигчин сурагчид үндэсний соёл, уламжлалыг шингээсэн бүжгийн урлагийг сонирхуулав.
Азийн наадам анх 1951 онд Энэтхэгийн Дели хотноо зохион байгуулагдсан бол 1954 онд Филиппин улсын Манилад, 1958 онд Японы Токиод болсон. Индонез улсын Жакарта хотноо одоогоос 56 жилийн өмнө буюу 1962 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд болсон ба энэ нь Азийн IY наадам байлаа. Тухайн үед Индонезийн шигшээ баг 11 алтан медаль /бадминтон 5, дугуй 3, хөнгөн атлетик 2, усанд үсрэлт төрөл 1/ хүртэж байжээ.