Хятадын Төрийн зөвлөлийн тамгын газар саяхан “Хонконг, Макао, Тайванийн иргэдэд оршин суух зөвшөөрөл олгох дүрэм”-ийг батлав. Уг дүрэмд тусгаснаар Хонконг, Макао, Тайванийн иргэд нийгмийн даатгал төлөх, ажил эрхлэх, сурах, эмчлүүлэх зэрэг боломжийг бүрдүүлсэн бөгөөд эх газрын 3 төрлийн эрх, 6 төрлийн үйлчилгээ, 9 төрлийн хөнгөлөлттэй бодлого эдлэх аж. Ингэснээр Хонконг, Макао, Тайванийн иргэд оршин сууж буй газартаа бусдын адил олон нийтийн үйлчилгээ хүртэхэд дөхөм болно гэж үзжээ.
Тухайн дүрэм нь нийт 21 заалттай бөгөөд үүнд Хонконг, Макао, Тайванийн иргэд оршин суух зөвшөөрөл авах нөхцөл, эдлэх эрх, өргөдөл гаргах журам, хуулийн хариуцлага зэргийг тусгажээ. Дүрэмд зааснаар хагас жилээс дээш хугацаагаар хууль ёсны тогтвортой ажиллах нөхцөлийг хангасан, хууль ёсны тогтмол суурин хаягтай, үргэлжлэн суралцах нөхцөлийг бүрдүүлсэн оршин суугч, хувь хүний хүсэлтийн дагуу эх газарт нэвтрэх бичиг баримттай Хонконг, Макаогийн иргэд, мөн 5 жилийн хугацаатай зөвшөөрөл бүхий бичиг баримттай Тайванийн иргэд тухайн газрын нийгмийг аюулаас хамгаалах байгууллагад хандан оршин суух зөвшөөрөл авч болох юм байна. Өргөдөл гаргагч өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 20 хоногийн дараа хариугаа авах аж.
Дүрмийг Хонконг, Макао, Тайванийн иргэдэд үзүүлж буй бодит, дөхөм, хөнгөлөлттэй арга хэмжээ хэмээн үзэж, ирэх сараас буюу есдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжүүлж эхлэх гэж байна.