Зам, тээврийн сайд М.Зоригт өнөөдөр ШУТИС-ийн харьяа Механик, тээврийн сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус сургууль зам, тээврийн салбарын мэргэжилтэй ажилтныг бэлтгэн гаргадаг бөгөөд лекц хичээлээс аль болох зайлсхийж дадлагаар голчлон сургадаг байна. Түүнчлэн тээвэр, механик, мехатроник, машин үйлдвэрлэл, техникийн механикийн тэнхим болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн чиглэлээр сургалт, судалгааны ажлууд хийгдэж байгаа аж. Өдгөө тус сургууль 2300 гаруй оюутан, 80 гаруй багштайгаар үйл ажиллагаа явуулж, БНСУ, Японы их дээд сургуулиудад оюутан солилцооны хөтөлбөрийн дагуу хэд хэдэн оюутныг сургаж байгаа гэнэ. Олон улсын \”Робокон”, нисэх загварын уралдаан тэмцээнд оюутнууд нь тогтмол, амжилттай оролцож ирсэн бөгөөд сургуулийн анги танхимуудаа дадлагын лаборатори болгон тохижуулжээ. Дашрамд сонирхуулахад, анхны \”Робокон” тэмцээнийг Зам, тээврийн сайд М.Зоригт ивээн тэтгэж байсныг тус сургуулийн захирал Д.Цолмонбаатар хэллээ.
Механик тээврийн сургуулийн удирдлагууд Зам, тээврийн сайд М.Зоригт тус сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байгаад талархал илэрхийлж, цаашид салбарын яамны зүгээс иргэний нисэхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран сургуулийнхаа дадлагын баазыг өргөжүүлэх, \”Нисэхийн дэвшилтэт технологийн сургалт, судалгааны лаборатори” байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
Сайд М.Зоригт \”Танай сургууль хүн юм сурахгүй байхын аргагүй бүтээлч сургалтын арга барилтай юм байна. Бүх анги танхимаа дадлага, лабораторийн чиглэлээр тохижуулж, оюутнууд өөрсдийн гараар сургалтын тоног төхөөрөмжөө зохион бүтээсэн байна. Бусад ижил төрлийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн багш, оюутнуудыг танай сургуулийн үйл ажиллагаатай танилцуулах хэрэгтэй юм байна. Салбарын сайдын хувьд танай сургуулийг иргэний нисэхийн байгууллагуудтай холбож, сургуулийн дадлагын баазыг өргөжүүлэх тал дээр бид дэмжиж ажиллана” гэдгээ хэллээ.