Энэ сарын 19-ны өдөр 20.30 минутанд Дархан уул аймгийн цагдаагийн газрын жижүүрийн утсанд “Манай 5 настай охин гэрийнхээ гадаа тоглож байгаад алга боллоо” гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Үүний дагуу Дархан-Уул аймгийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид улсын хэмжээнд хоёр хоног эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж 5 настай охин Э-г өчигдөр орой эсэн мэнд олсон байна.
Охиныг 37 настай эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүрэгт оршин суух иргэн Б нь өчигдөр өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны дэвсгэрт хулгайлан авч явж байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн баривчилжээ. Энэхүү хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Одоогоор охины биед гадна харагдах гэмтэл шарх, сорив байхгүй байгаа юм байна.
Уг хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлэг “Хүний халдашгүй, чөлөөтэй байхын эрхийн эсрэг гэмт хэрэг”, 13.2 дах хэсэг “ХҮн хулгайлах” 13.2.2.1 дэх хэсэг буюу хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж гэсэн заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Энэ хуулийн заалт нь 1-5 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэдэг.
Иймд эцэг эхчүүдийг багасны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг ганцааранг нь орхихгүй, тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.