Дархан-Уул аймгаас энэ сарын 19-нд насанд хүрээгүй хүүхэд хулгайлсан эмэгтэйд аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Хэргийн тухайд гэвэл, 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дархан сумын 3 дугаар баг, Хараагийн 2-9 тоотод оршин суух 5 настай Б.Энхжин нь гэрийнхээ гадаа тоглож байхад нь Хан-Уул дүүргийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 37 настай эмэгтэй П.Батсуурь гэгч хууран мэхэлж, хулгайлж нийслэлд авчраад хоёр хонож байхад нь эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн баривчилсан билээ.
Таван настай охин Б.Энхжингийн хувьд аав Н.Батнайрамдал, эмээ Б.Цэрэнбадам болон гурван ахын хамт амьдардаг гэнэ.
Насанд хүрээгүй хохирогчоос авсан мэдүүлэг болон түүний биед үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд сэжигтэн Б нь хохирогч Б.Энхжинг айлган сүрдүүлсэн, зодож гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Охиныг хулгайлсан П.Батсуурьт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” үндэслэлээр 1 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.