Азийн спортийн наадмын жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Индонезийн дэвжээнд эхний барилдаанаа Тайванийн тамирчин Гао Жунюньтэй хийж, 10:0-ээр хожсон ч хагас шигшээд БНСУ-ын жүдоч Жон Бо Кёонд ялагдсан. Ингээд хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын бөхтэй барилдаж, даралтаар цэвэр ялснаар Монголын багийн 11 дэхь медалийг авлаа.
Энэ жинд БНСУ-ын бөх Жон Бо Кёон аваргалсан бол Японы жүдоч Эми Кондо мөнгө, Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй олимп, ДАШТ-ий медальт Г.Отгонцэцэг хүрэл медаль тус тус хүртжээ.