Ийм нэг асуудал байна. Хэдэн өдөр ажиглаж байж ийм нэг дүр зургийг буулгалаа. Энэ зураг дээрхи шиг өглөө оройд зорчих хэсгийн аль нэг урсгал нь хоосон байдаг замууд нийслэлд олон байна. Юу гэх гээд байна гэхээр: Их тойруугийн дотор төрийн 286 байгууллагад 28993 алба хаагч ажилладаг. Тэдгээрийн 11402 нь нийтийн тээврээр, 4698 нь явганаар, 12893 нь хувийн автомашинаар хамгийн багадаа
3 км хол нь 10 орчим км замыг автомашинаараа туулж ажлын байрандаа ирдэг.
Харин их дээд сургуулийн 92098 оюутан өглөө оройн цагаар сургууль гэр хоёрын хооронд явдаг ба тэдгээрийн 68049 нь нийтийн тээврээр, 16908 нь явганаар, 13209 нь хувийн автомашинаар ирдэг бол их тойруугийн дотор 65 хувийн болон төрийн өмчит ЕБ сургуулийн 59879 хүүхдээс 19985 нийтийн тээврийн хэрэгслээр 23976 явганаар, 7959 хүүхэд автомашинаар хүргүүлж ирдэг. Эдгээрийн 1797 нь хүүхдийн автобусаар зорчдог юм байна лээ. Үүн дээр хувийн хэвшлийг нэмэх юм бол нийслэлчүүдийн 60-70% нь өглөө 07:30-09:00 цагийн хооронд ажилдаа, орой 17:00-19:30 цагийн хооронд гэр лүүгээ нэгэн цаг хугацаанд ирж очдог гэсэн үг.
Мэдээж энэ бол түгжирлийн хамгийн гол шалтгаан болох хот төлөвлөлттэй холбоотой ба засаг захиргааны байгууллага, сургууль цэцэрлэг гэх мэт хамгийн олон хүний оролцоотой үйл ажиллагаа явуулдаг объектууд хотын төвд байралдагтай шууд холбоотой. Үүнээс гарах гол арга бол: 1 рт Төвлөрлийг сааруулах, 2 рт хөдөлгөөнд оролцох цагийн горимыг зөрүүлэх, 3 рт хөдөлгөөний ачаалал, цагаас хамааран эгнээний урсгалыг ачаалалтай тал руу нь тэлэх буюу нарийсгах зохицуулалт хийх гэх мэт олон аргууд байна. Судалгааны баг гараад бужигнуулвал ч энэ жижигхэн хотын түгжирэл гээд байгаа бага зэргийн гацаа бол асуудалгүй л баймаар.
Эх сурвалж: Самбуугийн Энхтөр