“Mongolian archery open cup-2018” нээлттэй тэмцээн өнөөдөр олон улсын стандартын “Дайчин чанар-тэсвэрийн талбар 360” талбайд эхэллээ. Тэмцээнд Монголын 10 байгууллагын 80 гаруй, ОХУ-ын Буриадын 10 орчим тамирчин олимпийн байт харваа буюу тахир нум, кампаунд гэсэн хоёр төрлөөр цэц мэргэнээ сорих аж.
Монголын байт харвааны Ерөнхийлөгч П.Цагаан тус тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Энэ тэмцээн Азийн наадам амжилттай болон өндөрлөж байгаа, мөн өнгөрч буй хавар, зуны жар орчим хоногт байтын тамирчид, дасгалжуулагчид тэдний ар гэрийнхэн, спортыг дэмжигчид, хандивлагчдын хүч дэмжлэгээр бүтээн байгуулсан зориулалтын талбайд болж байгаагаараа онцлог юм. Азийн наадамд манай тамирчид амжилтаа ахиулж оролцлоо.
Манай байтын тамирчид БНСУ-ын багийг ялсан нь энэ наадмын сенсаац, бидний хувьд түүхэн амжилт боллоо. Тив дэлхий, олимпийн аварга-өмнөд Солонгосын тамирчдыг ялсан нь манай тамирчид тууштай, сэтгэл зүтгэлээ гаргаж бэлтгэл сургуулилтаа хийвэл амжилт ойрхон байгааг харуулж байна. Бидэнд маш их урам зориг өглөө. Өөрсдийн бүтээн байгуулсан талбайдаа зохион байгуулж байгаа өнөөдрийн тэмцээн бүх амжилтын эхлэл болог” гээд Азийн наадамд амжилттай оролцсон байт харвааны тамирчид, дасгалжуулагчдадаа баяр хүргэж, нээлттэй тэмцээнд оролцож байгаа бүх тамирчдад амжилт хүслээ. Тэмцээн гурван өдөр үргэлжилнэ.