МАХН-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд тус намын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нар оролцов. Тэд мэдээллийнхээ эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хариуцлага тооцох ёстой гэдгийг онцоллоо. МАХН-ын зүгээс саяхан болсон Зам тээврийн яамны газрын дарга нартай холбоотой хэрэгт салбарын сайд нь биш Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх өөрөө хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд холбогдох газарт нь албан шаардлага хүргүүлэхээ мэдэгдэв. Түүнчлэн тэд УИХ-ын 42 дугаар тойрогт ирэх сарын 7-нд болох байсан нөхөн сонгуулийг хойшлуулах нөхцөл бүрдүүлсэн нь МАН-ынхан МАХН-аас айж байгаа нь илт гэлээ. Тэр ч битгий хэл, УИХ-ын 62 дугаар тогтоолыг Үндсэн хуулийн Цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн шийдвэрийг буруутгаж байгаагаа ч МАХН-ынхан онцоллоо.