Хоёрхон хоногийн өмнө Өвөр Монголын “Topline” хамтлагийн дуулснаар “Зүүдний дагина” хэмээх дууг бид дахин сонсох болсон билээ. 20 жилийн өмнө “Freezone” хамтлагийн дуулснаар олны сэтгэлд хоногшсон тус дуу шинэчлэгдэн гарсан даруйдаа олны анхаарлыг ихэд татан маргаан дэгдээж эхэлжээ.
Тус дуу нь Япон дуу бөгөөд олон орны хэл дээр гарсан байдаг ба дууны аян дээр Ү.Хүрэлбаатар шүлэг тэрлэж бидний мэдэх “Зүүдний дагина” дуу мэндэлж байсан түүхтэй аж. Харин дууг сэргээн дуулахдаа “Topline” хамтлагийн продюсер А.Мөнгөнсүх нь “Freezone” хамтлаг, Ү.Хүрэлбаатар болон Японы талаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй гэнэ. Энэ тал дээр зохиогчид гомдолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд продюсер А.Мөнгөнсүх “Фрийзон хамтлаг яг япон дуучных нь фонограмм дээр дуулсан болохоор ковер дуу гэж л бодсон нь миний болон манай хамтлагийн буруу байж” гэсэн тайлбар өгчээ.
Өмнө нь хэд хэдэн удаа дуугаа алдаж байсан “Freezone” хамтлагийн хувьд ийм зүйл дахин давтахгүй байх тал дээр анхааран ийн мэдэгдэл хийсэн бөгөөд “Topline” хамтлагийн цаашдын уран бүтээлд амжилт хүссэн байна. Нэгэнт цахим орчноор цацагдсан Өвөрмонгол хамтлагийнхны энэ дууны клип олны таашаалд нийцэхийн зэрэгцээ дурсамж сэдрээсэн сайхан уран бүтээл болж, энэ хамтлагаар дамжин хятад дахь олон монгол залуусын тусгаар монгол улсын халх аялгаар цэвэр ярьж, дуулах эрмэлзэл бадран асах нь тодорхой гэлцэн ам сайтай байгаа юм.