ХХААХҮЯ-ны харъяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас 2018-2019 оны өвөл, хаврын улиралд аймаг дундын отрын бүс нутгуудад 751.6 мянган толгой мал өвөлжих боломжтой гэсэн дүгнэлт гарчээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд тус газраас Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Цаг уур, орчны шинжилгээний газар, сумдын Засаг даргын тамгын газартай хамтран аймаг дундын отрын бүс нутгуудын даацыг тогтоосон юм.
Энэ жилийн тухайд Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан, Завхан аймгийн Багахайрхан, Говь-Алтай аймгийн Аргалант, Дорнод аймгийн Чойбалсангийн отрын бүс нутгуудын бэлчээрийн даац сайн байна. Харин Увс аймгийн Ачитнуур, Ховд аймгийн Баяннуруу, Булган аймгийн Чилэн, Говьсүмбэр аймгийн Малах, Өвөрхангай аймгийн Хөхдэлийн отрын бүс нутгуудын бэлчээрийн даац дунд зэрэг байгаа аж.