UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний V мотобуудлагын батальоноос цаг үеийн мэдээлэл ирүүллээ. Тэд бүс нутгийнхаа цагийн байдлын хамгийн хүнд цэг болох Лийр сууринд амжилттай үүргээ гүйцэтгээд Гана Улсын энхийг сахиулагчдад өөрсдийн түр ажиллагааны \”Хүлэг” баазаа хүлээлгэн өгсөн байна.
Энэ ёслолын ажиллагаанд Гана улсын IV мотобуудлагын батальоны захирагч, дэд хурандаа АгорДекбе, батальоны захирагчийн орлогч, дэд хурандаа Ж.Мөнхбаяр нар оролцжээ.
Дэд хурандаа Ж.Мөнхбаяр энэ үеэр хэлсэн үгэндээ \”Бид бүхнийг анх ирэхэд Лийр суурин таатай хүлээж аваагүй. Толгой дээгүүр сум исгэрч, хажууханд танкийн галаар буудаж байсныг би сайн санаж байна. Гэтэл сар гаруйн дараа буун дуу гарахаа больж тогтворжсон. Орон нутгийн иргэд удаа дараа бидэнд талархаж баяр хүргэж байсныг хэлэхэд сайхан байна. Гана улс бол энхийг сахиулах ажиллагааны арвин туршлагатай орон. Тиймээс ч та бүхэн бидний үйл хэргийг цааш нь амжилттай үргэлжлүүлж энх тайвныг тогтоох ариун үйлсдээ улам их амжилт гаргана гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна” гэсэн юм.
Харин дэд хурандаа АгорДекбе хойд секторын ажиллагааны бүс нутагт хамгийн халуун цэг хэвээр байгаа Лийр сууринд байрлаж үүрэг гүйцэтгэх болсон минь манай Гана Улсын энхийг сахиулагчдын хувьд том хариуцлага. Монголын энхийг сахиулагчид энэ сууринд маш олон зүйлийг хийж бүтээсэн. Үүний тод жишээ бол та бүхний барьж босгосон шинэ түр ажиллагааны бааз юм. Цаашид үүрэг гүйцэтгэхдээ та бүхний хүрсэн амжилт, бүтээсэн гавьяа, байгуулсан бүхнийг хичээнгүйлэн үргэлжлүүлж, хадгалан хамгаалах болно гэжээ. Ийнхүү цагийн байдлын хүнд дээрэм, хүчирхийлэл, жижиг зэвсэгт мөргөлдөөн газар аваад байсан тус сууринд Монголын энхийг сахиулагчид 5 сар гаруй хугацаанд байрлаж, үүргээ амжилттай гүйцэтгэн ийн хүлээлгэн өглөө.
Эх сурвалж: Батлах хамгаалах яам