“Авьяаслаг Монголчууд-3” шоуны анхны дугаар өчигдөр үзэгчдийн хүртээл боллоо. Энэ улирлын шоу үзэгчдийн шүүмжлэл дүүрэн өнгөрсөн нь шүүгч нартай холбоотой юм. Шүүгч нарын бүрэлдэхүүнд Рокет Бэй буюу Пуужин Баяраа, жүжигчин Г.Ундармаа, “100 эрхэм”-ийн П.Анужин, сонгодогуудын лидер Г.Ариунбаатар нар багтсан боловч олон нийтийн зүгээс эдгээр эрхмүүдийн шүүлт хэт зөөлөн бөгөөд сонирхолгүй гэдэг анхны дүгнэлтээ өгөөд эхэлжээ. Ингэж дүгнэх болсон бас нэг шалтгааныг П.Анужин шүүгчийн дарсан Алтан баззертай ч холбох хэсэг байна.
Яасан бэ гэвэл, 13 настай охин А.Энхжин охины дуулсан дуу үзэгчдийг талцуулаад амжив. Мэдээж 13 настай баргийн охидоос гарахааргүй хоолойн цар, дуулах арга барил шүүгчдийг гайхуулж чадсан юм. Монгол ардын дуу мэдэх үү? гэсэн Г.Ариунбаатар шүүгчийн асуултанд Үлэмжийн чанар дуугаар хариулсан нь П.Анужин шүүгчийг Алтан баззерыг алгадах шалтгаан болсон бололтой. Гэвч олон нийтийн сүлжээгээр зөвхөн гадаад дууг нь тавьсан ба түүнийг нь үзсэн хүмүүс солгойрч байна, аянаасаа зөрлөө гэхчлэн шүүж, хямдхан алтан баззер гэж тодорхойлж, энэ жилийн шоу сулрах янзтай хэмээн дүгнэж байгаа харагдана.
А.Энхжин охины хувьд тайзан дээр сандарч, биеэ барьсан шинжгүй үзүүлбэрээ үзүүлж дууссан бөгөөд өөртөө маш итгэлтэй байлаа. Тэрээр хэдийнэ нүүр хагарсан байдлаас харахад олны өмнө гарч сурсан бололтой дог оо. Ярьж байгаа нь хэвлүүхэн ч, дуулалт дээрээ өнгө зөрөх, бас бус алдаа гаргасныг эс тооцвол үнэхээр сэргэлэн, бас ч үгүй ирээдүйтэй дуучин болох нь харагдаж байсан шүү.
Нэг хэсэг нь шүүмжлэгчдэд хандан 13 настай бяцхан охин шүү дээ гэж сануулж байгаа бол нөгөө хэсэг нь үүнээс ч илүү дуулах хүүхдүүд олон бий гээд л маргаж эхлэв.
Ямартай ч анхны дугаар сонирхолтой, үзүүштэй, дээр нь бага зэрэг шүүмжлэлтэй эхэллээ. Гэсэн ч үзэгчид долоо хоног бүрийн амралтын өдрийг уйдахааргүй өнгөрөөх бас нэг зугаатай шоу өчигдрөөс эхэлснийг мэдээгүй нэгэнд нь дуулгаж байна.