Монголын хэвлэл мэдээллийн салбарын шилдгийг шалгаруулдаг “БАЛДОРЖ” шагнал гардуулах ёслол өчигдөр “Улаанбаатар” зочид буудалд боллоо. “Балдорж” сангаас 10 дахь жилдээ зохион байгуулж буй ёслолын ажиллагаанд уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчид хүрэлцэн ирснээс гадна УИХ-ын гишүүд, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр зэрэг улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарын зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага, сэтгүүлчид хүрэлцэн ирсэн байна. Ёслолын ажиллагааг Ц.Балдорж агсны дотны нөхөр, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди нээж үг хэлсэн юм.
“Балдорж” сангийн тэргүүнээр есөн жил ажилласан Ц.Балдорж агсны гэргий Н.Шүр үйл хэргээ 2017 оны БАЛДОРЖ шагнал гардуулах ёслолын үеэр отгон охин Б.Номинтүшигтээ шилжүүлсэн билээ. Арав дахь удаагийн БАЛДОРЖ шагналтнаар “ Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Сувдмаа, Т.Энхбат нарын “Уул уурхайтай ханилсан орчин цагийн малчин” сурвалжилга, “Хариуцлагатай уул уурхайн эрэлд” цуврал сурвалжилгын бүтээлээрээ тодорч, цом, өргөмжлөл, 5000 ам.долларын эзэн боллоо. Тэргүүн шагналыг Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, “Балдорж” сангийн тэргүүн, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Номинтүшиг нар гардуулсан юм.
Дэд байрт Eagle news агентлагийн сэтгүүлч Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Лхагвасүрэн, МҮОНРТВ-ийн эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг хүний эрхийн сэдвээр хийсэн цуврал нэвтрүүлэгээрээ шалгарлаа. Шагналыг Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Балдорж” сангийн тэргүүн, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Номинтүшиг нар гардуулсан юм.