Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав даван шөвгөрсөн Монгол Улсын гарьд Н.Ганбаатар мэдэгдэл гаргажээ. Тэрээр 9 удаа таваас дээш даван шөвгөрч 9 удаа WADA-ийн шинжилгээнд хамрагджээ.
Гэвч энэ удаагийн шинжилгээнд гарьд бүдэрчээ. Энэ талаар “Надаас илэрсэн гэх хориотой бодис нь булчингийн урагдал болон зөөлөн эдийн тасралтанд эмнэлгийн практикт хэрэглэдэг аж. 2008, 2009 онд өвдгөндөө авсан бэртэл сэдэрч БНХАУ-ын Бээжингийн гэмтлийн төв эмнэлэгт мэс засалгүй эмчилгээ хийх хүсэлт тавьсны дагуу дөрвөн өдрийн турш Хятад бичигтэй тариа хийж эмчилсэн. Өөр ямар нэгэн байдлаар эм болон тариа хэрэглэсэн зүйл байхгүй бөгөөд олон сарын өмнө хийлгэсэн энэ эмчилгээнээс ийм зүйл илэрнэ хэмээн санаж байсангүй. Миний бие өдгөө 36 настай бөгөөд өөрийн энэ өндөр цолонд 10 жилийн өмнө хүрсэн. Бөх хүний хувьд ард түмнээ хүндэтгэж бөхийн ариун дэвжээндээ ёс суртахуунтай барилдаж, даваа наймалцах асуудлаас хол байж ирсэн. Иймд үргэлж намайг дэмжиж, хайрлаж, урам өгч байдаг Монголын нийт ард түмэндээ баярлан талархаж явдгаа илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсье” гэжээ.