Бүргэдчин охин Айшолпан Нургайыпкызы анх удаагаа Казахстанд айлчилжээ. Казахстаны нийслэлд болсон хэвлэлийн бага хуралд Айшолпан олны танил болсон арьсан дээл, малгайтайгаа орж ирсэн бөгөөд мэдээж хайртай бүргэдээ авч ирсэн байлаа. Энэ удаад тэрээр Казахстанд гадаад оронд оршин суугаа казахчуудын тухай хийсэн “Көшпенділер” (нүүдэлчин) цуврал баримтат киноны эхний ангийн гол баатрын хувиар ирсэн аж.
Кино нийт 12 ангитай бөгөөд Монгол, Афганистан, Хятад, Турк, Иран зэрэг орнуудад зураг авч байгаа юм байна. Тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр “Би өвөг дээдсийнхээ нутаг болох Казахстанд ирэхийг үргэлж мөрөөддөг байлаа. Энэ төсөлд тусалж дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Казахстаны амьдрал, орон нутгийн зан заншлын талаар мэдэхийг хүсдэг” гэж хэлсэн байна.