“Сэтгүүлчдийн ордон”-ы шав тавих ёслолын ажиллагааг зохион байгуулах гэж буйтай холбогдуулан өнөөдөр 11:00 цагаас “Пума империал” зочид буудлын хурлын танхимд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Хэвлэлийн бага хурал зарлалаа.
Энэ үеэр “1000 сэтгүүлчийн орон сууц хөтөлбөр” хэрэгжиж эхлэхэд бэлэн болсон талаар мэдээлэл өгөх бөгөөд хэвлэлийн хурлын дараа нэгдсэн унаагаар “Сэтгүүлчдийн ордон”-ы шав тавих газар руу хөдлөх юм байна.
Өнгөрсөн тавдугаар сард Үндэсний сэтгүүл зүйн 105 жил, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум зохион байгуулсан.
Энэ үеэр хотын дарга С.Батболд “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Сэтгүүлчдийн ордон” барих газар олгож өгөхийг хотын удирдлагаас хүссэн. Тус ордон барих газрын асуудлыг шийдвэрлэсэн тул энэ хавартаа бүтээн байгуулалтаа эхлүүлж, ирэх жил гэхэд Улаанбаатар хотод сэтгүүлчээр овоглосон сайхан ордон сүндэрлэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлсэн билээ.