Аюулгүй байдал, дээд зэргийн нууцлалаараа дэлхийд шагшагдсан iPhone ухаалаг утасны iOS 12 системийн супер хамгаалалтын сул талыг долоохон настай бяцхан хүү олж илрүүлжээ. Тэрбээр утасны тоглоомоор цаг замбараагүй тоглоод байсан тул аав, ээж нь хүүгийнхээ iPhone-ий “Дэлгэцийн цаг хянах” функцыг идэвхжүүлж, утсаар хэр удаан тоглож байгааг нь хянаж эхэлжээ.
Гэтэл хүү үүнд түүртсэнгүй. Тэрбээр App Store-оос нэгэн программыг татаж, түүнийхээ тусламжтайгаар аав, ээжийнхээ хяналтаас гадуур олон цагаар тоглосон байна. Аавын олгосон тоглох цагийн хугацаа дуусах дөхөнгүүт программаа устгаж, дахин суулгах замаар цагийн хяналтаас гадуур тоглодог байжээ.
Утасны хяналтаас харахад байдал хэвийн байсан хэдий ч хүү нь илүү цагаар тоглоод байгааг аав нь гадарласан байна. Тиймээс хэдэн хоногийн турш хүүгээсээ гуйн байж учир начрыг нь олж мэджээ. Тэрбээр “Би хүүгээ загнах гэж завдсангүй. Харин боломжгүй зүйлийг хийж чадсанд нь гайхан биширч байна” хэмээн ярьжээ.
iPhone ухаалаг утасны программын iOS 12 шинэчлэл өнгөрөгч 9-р сарын 17-нд хэрэглэгчдэд хүрсэн. Түүнд хэд, хэдэн шинэ шийдэл багтсны нэг нь “”Дэлгэцийн цагийг хянах” функц юм.
unuudur.mn