Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод эхлэхэд 16 хоногийн хугацаа үлдлээ. Тодруулбал, аравдугаар сарын 20-28-ны өдрүүдэд чөлөөт бөхийн тамирчид Унгарт цугларах юм. Гэвч Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороод байна. Учир нь өнгөрөгч наймдугаар сард Индонезид болсон Азийн спортын 18-р наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд түрүүлсэн гавьяат тамирчин П.Орхоноос хориотой бодис илэрсэн тул аваргын алтан медалийг нь хүчингүй болгосныг Азийн олимпийн зөвлөл, Азийн наадмыг зохион байгуулах хорооноос мэдэгдсэн. Тиймээс П.Орхон энэ удаагийн ДАШТ-ийг өнжиж, жинд нь Э.Гантуяа оролцохоор болсон байна.
Мөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг Унгарыг зорихоор болжээ. Гэхдээ С.Батцэцэг жин өгсөн 68 кг-ын жинд барилдах бол энэ жинд барилдахаар сонгон шалгаруулалтын тэмцээнээс эрхээ аваад байсан Ш.Түмэнцэцэг бэртлийн улмаас гэртээ үлдэхээр болсон байна.
Дараах тамирчид, чөлөөт бөхийн ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ хийж байгаа юм байна. Монголын баг тамирчид энэ сарын 16-ны өдөр Унгарыг зорино.
ЭМЭГТЭЙ:
• 50 кг: Э.Нарангэрэл (Хангарьд)
• 53 кг: Э.Сумъяа (Хилчин)
• 55 кг: Э.Даваачимэг (Хилчин)
• 57 кг: А.Батцэцэг (Хасу-Мегастарс)
• 59 кг: Б.Шоовдор (Хасу-Мегастарс)
• 62 кг: Э.Гантуяа (Хилчин) (Энэ жинд өрсөлдөх эрхийг П.Орхон С.Батцэцэгийг сорилго тэмцээнд ялж эрхээ баталгаажуулаад байсан юм.)
• 68 кг: С.Батцэцэг (Хилчин) (Энэ жинд өрсөлдөх эрхээ авсан Ш.Түмэнцэцэг Азийн наадмаас мөнгөн медаль аваад байсан ч түүний оронд С.Батцэцэгийг явуулахаар болсон байна.)
• 72 кг: О.Насанбурмаа (Женко)
• 76 кг: Г.Наранчимэг (Хилчин) тус тус ДАШТ-д барилдахаар болжээ.