Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг өчигдөр АТГ-аас баривчилжээ.
Түүнийг хүүхэд элсүүлж авахдаа мөн дунд ангид өөр сургуулиас хүүхэд шилжүүлэн авахдаа бусдаас авлига авдаг байсан үндэслэлээр саатуулсан байна. Тэрээр баривчлагдах үедээ бусдаас хахууль авч байсан бөгөөд өгсөн хүнийг хамт баривчилсныг эх сурвалж мэдээллээ. Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ нь урьд өмнө нь хахууль авдаг байсан бөгөөд энэ үйлдэл нь удаа дараа гарч байсан аж.
АТГ-аас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Нэгдүгээр сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсхүл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 хүн байна. Бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн шалгана” гэж мэдээлж байсан билээ.