С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг яллаж, 20-25 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр гурван шатны шүүхээс шийдвэрлэсэн билээ. Харин өнгөрсөн долоо хоногоос эхэлж чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа гурван ялтныг дэглэм бууруулж жирийн дэглэмтэй хорих ангид шилжүүлжээ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн.
Ц.Нямдорж сайд “Энэ хүмүүс 20-25 жилийн ялтай. Одоо мөрдөж буй хуулиар ийм хүмүүсийн ялыг хаалттай буюу чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх учиртай юм. Гэтэл ял шийтгүүлснээс нь хойш бараг бүтэн жил хуучнаар буюу гянданд ял эдлүүлээд байсан юм билээ, хууль зөрчөөд гэсэн үг шүү дээ. Гянданд цаазын ял авсан, эсвэл бүх насаараа хорих ял авсан хүнийг хорьдог. Тиймээс одоогийн мөрдөж буй хуулийн дагуу байх ёстой газарт нь шилжүүлсэн гэсэн үг” гэсэн юм.
Мөн Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Тэр гурван хүнийг нээлттэй хорих анги руу шилжүүлээгүй, харин хаалттай хорих анги руу шилжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, тусгай дэглэмтэй хаалттай хорих ангиас 409 дүгээр хаалттай хорих анги руу шилжүүлсэн. Тэр хорих анги дотор хаалттай ч, нээлттэй ч дэглэм бий. Тэр ангийнхаа нээлттэй дэглэмд оруулсан байгаа юм. Дэглэм буурсан зүйл ерөөсөө байхгүй. Нээлттэй хорих ангид шилжүүлжээ гэсэн нь буруу ташаа мэдээлэл.” гэв.