Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Букингэмийн ордонд Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Хатан хаан, Хамтын нөхөрлөлийн тэргүүн, Цог жавхлант Хоёрдугаар Элизабетад өөрийн Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Мөн энэ үеэр Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Цог жавхлант Хоёрдугаар Хатан хаанд уламжилж, Монгол Улс, болон ИБУИНВУ хоорондын найрсаг харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ.
Цог жавхлант Хатан хаан Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийг нь хүлээн авч, энэхүү албан тушаалд дахин томилогдсонд нь баяр хүргэж, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам