ОХУ-ын хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний “Азийн хаалга-2018” үзэсгэлэн хоёр дахь өдрөө бизнес уулзалтаар үргэлжиллээ. Үүний хүрээнд манай улсад Эрхүү мужийн ХАА-н сайд Илья Сумароков хүрэлцэн иржээ.
Тэрээр, “Юуны өмнө талуудын нэгдсэн сонирхолыг харгалзах учиртай. Мэдээж худалдааны эргэлтийг нэмэгдүүлж төрлийг олшруулах сонирхол, мөн шинэ техник, технологийг хөгжүүлэх, цэвэр бүтээгдэхүүний нийлүүлэлт биднийг нэгтгэдэг. Аль ч талаасаа Алтанбулагийн эдийн засгийн чөлөөт бүсэд мах боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах зорилго бий. Бүрэн болон хагас боловсруулалт хийвэл аль аль талдаа экспорт-импорт дээр хөнгөлөлттэй байх боломж гарна. Энэ дээр хоёр тал хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна” гэв.
Мөн цааш нь ярихдаа “Махны экспортын хувьд 2016 онтой харьцуулахад 200 тонн болж, нэмэгдсэн. Энд адууны махны экспорт зонхилж, харин хонины махан дээр хорио цээрийн асуудал бий. Монголоос мах авч боловсруулж буй Ангарскын мах боловсруулах үйлдвэр байна. Өөр үйлдвэрүүдэд ийм сонирхол байгаа. Манай талаас мөөг боловсруулж нийлүүлэх, Осинскийн районыхан арьс шир боловсруулах сонирхолоо илэрхийлээд байна. Нөгөө талаар бидний хувьд Монгол орон Ази руу гарах хаалга болж байгаа” гэв.