Дэлхийн 192 улсыг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын 87 дугаар чуулган АНЭУ-ын Дубай хотноо үргэлжилж байна. Интерполын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан БНХАУ-ын иргэн Мэн Хонвэй аравдугаар сарын эхээр эх орондоо очоод байхдаа авлигын хэргээр баривчлагдан, албан тушаалаасаа огцорсон билээ.
Интерполын дараагийн ерөнхийлөгчид хамгийн их магадлалтай хүнээр тус байгууллагын одоогийн дэд ерөнхийлөгч, ОХУ-ын дотоод хэргийн яамны генерал Александр Прокопчук тодорч байсан. Гэвч Прокопчук сонгогдвол Интерполын сүлжээ Москвагийн улс төрийн дайснуудын эсрэг ашиглагдана гэж барууныхан болгоомжилж, АНУ тэргүүтэй улсууд эсэргүүцсэн учраас Оросын нэр дэвшигч ялагдаж Өмнөд Солонгосын Ким Жон Ян ийнхүү олон улсын цагдаагийн байгууллагын тэргүүнээр сонгогдлоо.
Дубай хотод болж буй Интерполын ерөнхий чуулганы нийт оролцогчдын гуравны хоёрын саналаар Ким Жон Ян тодорч өмнөх ерөнхийлөгч Мэн Хонвэйн дөрвөн жилийн хугацааг гүйцээж, 2020 он хүртэл ажиллана.