Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нэрэмжит “Грант”-ын батламжийг “Хүрэлтогоот-2018” эрдэм шинжилгээний бага хурлын долоон салбар хуралдаанаас шалгарсан 14 залуу судлаачдад гардууллаа. Энэхүү шагналыг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, БСШУС-ын Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, Шинжлэх ухаан, технологийн сангийн дарга Д.Энхжаргал нар залуу судлаачдад гардуулан өгч амжилт хүсэв.
Шагнал гардуулах үеэр дэд сайд Г.Ганбаяр “Грант авч байгаа судалгааны бүтээлүүдэд өвчлөлийн дээгүүрт бичигдэж байгаа сахарын өвчлөл, монгол махны эрдэс бодисын гэхчлэн олон сайн судалгаа харагдаж байна. Залуу эрдэмтэд маань Монгол Улсынхаа нийгэм эдийн засагт эерэг үр нөлөөтэй судалгаа шинжилгээ хийж байгаад бахархалтай байна. Яамнаас та бүхний эрдэм шинжилгээний ажлыг байнга дэмжин ажиллах болно” хэмээн мэдэгдэж Шинжлэх ухааны ажилтны баярын мэнд хүргэсэн юм.
Монголын Залуу эрдэмтдийн холбоо “Хүрэлтогоот-2018” эрдэм шинжилгээний бага хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйгээр 14 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил 80 гаруй залуу судлаач бүтээлээ ирүүлснээс 14 залуу судлаачийг шилдгээр шалгарууллаа.