2016 онд хэрэгжүүлэх авто замын ажлуудын гарааг амжилттай эхлүүлж, энэ оны хамгийн анхны замыг өчигдөр улсын комисс ажиллаж байнгын ашиглалтад хүлээн авлаа. Тодруулбал, Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн Зайсангийн гудамжнаас Удирдлагын академийн хойгуур \”Жапан таун” орон сууцны хороолол хүртэл 0.75 км авто замыг өчигдөр буюу 2016 оны 05 дугаар сарын 23-нд байнгын ашиглалтад хүлээн авсан юм. Уг авто замын барилгын ажлыг Наранбулаг Хан ХХК 2016 оны 03 дугаар сарын 28-наас эхлүүлсэн бөгөөд гэрээ ёсоор 2016 оны 06 дугаар сарын 30-нд ашиглалтад өгөх хуваарьтай байсан ч ийнхүү хугацаанаас өмнө ашиглалтад бүрэн орууллаа. Уг замын зорчих хэсгийг зам барилгын ажил эхлүүлснээс хойш маш богино хугацаанд буюу сар орчмын хугацаанд /2016.05.02/ нээсэн юм. Үүнээс хойш явган зам болон гэрэлтүүлэг тавих ажлууд хийгдлээ.
Хуучин авто зам нь Зайсангийн гудамжнаас Удирдлагын академийн авто машины зогсоол хүртэл 7 м өргөн зорчих хэсэгтэй, 1,5м явган хүний замтай, замынхаа нэг талдаа гэрэлтүүлэгтэй байсан юм. Тухайн хэсгийн авто зам бүтцийн хувьд эвдрэлтэй, борооны ус зайлуулах шугамгүй байснаас ус их тогтдог байв. Шинэчлэлтийн ажлын хүрээнд Зайсангийн гудамжнаас Удирдлагын академийн авто машины зогсоол хүртэл 7 м өргөн зорчих хэсэг болон явган хүний замыг шинэчилж, борооны усны шугамыг шинээр тавьсан юм. Үүнээс цааш үргэлжлүүлэн Удирдлагын академийн авто зогсоолоос \”Жапан таун” хорооллын авто зам хүртэл замгүй байсан бөгөөд зорчих хэсгийг 14м өргөн, 2 талдаа явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэг болон борооны ус зайлуулах шугамтай болголоо.
Уг авто зам нь хэдий хэмжээний хувьд богино мэт боловч иргэдэд маш их ач холбогдолтой зам гэж хэлж болно. Учир нь Зайсангийн гудамж нь \”Жапан таун” хотхоны авто замтай холбогдсоноор Чингисийн өргөн чөлөөгөөр дамжин хотын төв, зүүн тийшээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замтай нийлэх гол маршрут зам болж байгаа юм. Мөн тухайн суурьшлын бүс орчмын иргэдийн хувьд Чингисийн өргөн чөлөө болон бусад замтай холбогдох хамгийн дөт зам болоод байна.